Thursday, March 26, 2015

/МЭДЭЭ/ Түүхэн Уламжлал

Байгаль хамгаалал....
Байгаль хамгаалал гэхээр таны сэтгэлд юу хамгийн түрүүнд бодогддог вэ? Байгаль орчны яаманд ажиллаад л, байгаль хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулаад л, хуульд төсөл нэмж оруулаад л дорвитой том ажил хийх гэж зүтгэх... хэдий үүнийг хийлээ гээд ямар ч үр өгөөжгүй зүйл болвол хэрэггүй шүү дээ. Харин би байгаль хамгаалах гэдэг өчүүхэн зүйлээс эхэлдэг гэж боддог. Гудамжиндаа хогоо хаяхгүй, ил задгай бие засахгүй, хөдөө гадаа явахдаа түлсэн галаа бүрэн унтраах гээд өөрийн хэмжээндээ л дор бүрнээ ухамсартай хандвал энэ үйлийн гол зорилго тэр байх болов уу.


Түүхэн уламжлал.
Манай ард түмэн эртнээс нааш эх болсон байгалиа хамгаалан хайрлаж, зохицож, тахин шүтэж ирсэн ард түмэн билээ. Байгаль хамгаалах агуу их арга ухаан туршлага мэдлэг төдий чинээ гайхамшиг бидэнд бий. Түүнийгээ он удаан жил уламжлуулан түгээсээр ч ирсэн. Үүгээрээ бусад улс орноос ялгарч чаддаг.  Байгалиа хамгаалах ёс заншлын дотор уул, усаа өргөн хүндэтгэсэн, зүйрлэн дүйцүүлсэн нэрээр нэрлэх уламжлал ч бас байсан юм. Түүнчлэн, уул, усны оноосон нэрийг дэргэд нь буюу ойр орчимд нь хэлдэггүй “өндөр хайрхан”, “алтай хангай”, их хайрхан гэх мэтээр төлөөлүүлэн ярилцдаг байсан. Амьд байгалийн сэргэн төлжих, цэцэг ногоо ургах үед газар шороогоо ухаж сэндийчэх, нойтон мод, бут сөөг, гол горхи, булаг шандны эхийн модыг огтлох, үр жимс, ургамлыг ихээр авч ашиглахыг хориглон цээрлэдэг юм. Мөн өөрийн нутгийн ховор мод, цэцэгийг хайрлан хамгаалж ургуулдаг. Гол усанд элдэв хог, сүү зэрэг оруулах, хүүхэд шээлгэх, хувцас хунараа угаах зэргийг хатуу цээрлэдэг билээ. Монгол хүн овоо 3 тойрч өнгөрөх ёстой гээд тоочоод байвал барамгүй их уламжлалтай бид.  
Монгол нутагт 1200 гаруй газар орныг эрт цагаас тахиж ирсэн гэдэг. Эдгээрийн ихэнх нь гол, мөрөн, уул хад билээ.
Монголчуудын байгаль хамгаалах уламжлал нь Хүннүгээс эхтэй гэж болох  бөгөөд МЭӨ-209 онд МаодуньШаньюй “Газар бол улсын үндэс” хэмээн үзэж байсан бол дараа дараагийн гарч ирсэн улсууд нь байгаль хамгаалах тал дээр анхаарч түүнийг нь уламжлуулан, тахилга тайлга үйлдэж байсан мэдээ байна. Чингис хааны үед Есүхэй баатрыг өөд болсны дараа Тайчууд тахилгийн үйл ажиллагааг хариуцаж байсан гэж тэмдэглэсэн нь ч үүнтэй холбоотой. Тэгэхээр үүнээс өмнө ч энэ үйл тасраагүй байсан биз.
1206 он гэхэд Монголын тулгар төр тогтнож, Их Монгол улс байгуулагдсанаар байгаль хамгаалах хууль цаазын нэгдмэл тогтолцоо бий болсон. Энэ үеийн гол хууль нь ”Их засаг хууль” билээ.Монголчуудын байгаль хамгаалах уламжлал нь Их Юан гүрний үед улам гүнзгийрүүлэн хөгжиж улмаар байгаль хамгаалалтай холбоотой олон хууль тогтоомжууд гарч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байжээ.




Харин өнөө үед
Эртний тэдгээр хүмүүст байгаль орчны яам, түүнийг хариуцсан сайд дарга энэхүү ажлыг зохион байгуулах хүмүүс гээд зүйлс дутмаг байсан ч тэд хайрлсаар хамгаалсаар ирсэн. Өнөө үеийн соёлт хүмүүс өнгөрсөн үеийнхнээ харанхуй бүдүүлэг соёлгүй гэж буруутгадаг ч яг үнэндээ өөрсдөө өдрөөс өдөрт аймшигт араатан болон хувирсаар байна. Хүн гэдэг амьтан уг нь араатнаас оюун ухаанаараа ялгарах ёстой гэдэг дээ.  Анчид, хулгайчид нь хамаг бут сөөгийг нь тайрч хядаад гадагш нь зөөнө, ховдог сэтгэлтнүүд нь уул овоогоо гадныханд худалдана, хүүхэд багачууд нь гол усандаа бие засаж хогоо хаяна, авгай хүүхнүүд нь хувцас хунараа угаана, халамцсан эрчүүд нь машин унаагаа ч угаадаг болж. Энэ тэгээд орчин үеийн боловсролтой соёлт хүмүүс юм гэж үү?  Байгаль орчноо үгүйрүүлнэ гэдэг нь хүн та өөрийгөө үгүйрүүлж буйг мэдэхгүй ухаараагүй яваа араатнууд байх. "Байгаль орчныг хамгаалах" гэдэг ухагдахуун нь монголчуудын хувьд, түүнийг гаднын ямар нэгэн хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэхийн ч нэр бус, харин тэрхүү болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэх; байгалийн зүйд захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах; газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх; түүнд хүмүүнлэг сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах; экологийн өндөр ёс зүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр байж иржээ.
Энэ талаар толгойтой болгон л ярьж чичдэг, гэвч энэ зүйл өчүүхэн өөрийн үйлдлээс эхэлнэ гэж мэдэх хэрэгтэй. Гэхдээ би үүгээрээ бүгд хомхой сэтгэлтэн, араатан гэж хэлж байгаа хэрэг биш. Одоо ч бидний дунд түүхэн уламжлал ор мөргүй арилсан явдал болоогүй байна. Сүйрээд үгүйрээд юу ч үгүй болсон гэвэл бас үгүй ихээхэн хэмжээнд л алдагдсан юм. Монгол оронд маань олон сайхан үзэсгэлэнт газрууд гадныхны харааг булаагаад олон зуун жил оршиж мөн түмэндээ шүтэгдсээр байгаа. Мөн түүхэн уламжлалаа одоо ч яв цав биелүүлэн мөрдөж буй ухаант хүмүүс ч бий. Харин одоо тэдгээр хүмүүс өнөө үеийн буруу сэтгэлтэй хүмүүст үлгэр дууриалал болж, хойч  үедээ сургамж өгч залгамжлуулах хэрэгтэй. Энэ тал дээр байгаль орчны хуульд нэмэлт зүйл заалт оруулж хариуцагчид нь ажил үүргээ сайн биелүүлвэл боломжгүй зүйл үгүй.
Монгол улс тэртээ Манжийн дарлалд байх үедээ дэлхийд “улбар” өнгөөр тэмдэглүүлж байсан гэдэг. Энэ нь ямар учиртай вэ? гэхээр “улаан” өнгөөр тэмдэглэвэл энэ улс нь “мөхсөн” гэж үздэг байж. Улбар бол улаанд нилээн дөхөх юм. Тийм байдалд орж байсан ч ухаант захирагч,уужуу ардынхаа хүчинд өнөө бид тусгаар улс болсон байна. Харин энэ үед бид ховдог захирагч хомхой ардын балгаар дахин “улбар” болох ёсгүй билээ. 




Байгаль хамгаалах гэдэг зөвхөн чамаас,чиний өчүүхэн ухамсараас эхлэнэ.

No comments:

Post a Comment