Thursday, March 26, 2015

/МЭДЭЭ/ Түүхэн Уламжлал

Байгаль хамгаалал....
Байгаль хамгаалал гэхээр таны сэтгэлд юу хамгийн түрүүнд бодогддог вэ? Байгаль орчны яаманд ажиллаад л, байгаль хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулаад л, хуульд төсөл нэмж оруулаад л дорвитой том ажил хийх гэж зүтгэх... хэдий үүнийг хийлээ гээд ямар ч үр өгөөжгүй зүйл болвол хэрэггүй шүү дээ. Харин би байгаль хамгаалах гэдэг өчүүхэн зүйлээс эхэлдэг гэж боддог. Гудамжиндаа хогоо хаяхгүй, ил задгай бие засахгүй, хөдөө гадаа явахдаа түлсэн галаа бүрэн унтраах гээд өөрийн хэмжээндээ л дор бүрнээ ухамсартай хандвал энэ үйлийн гол зорилго тэр байх болов уу.


/ЭССЭ/ Өөрөөрөө Байх Урлаг

Өнөөгийн хүмүүс нийгмийн шаардлагаар ч юмуу өөрсдийн сонирхлоор ч юм уу бүгд л ямар нэгэн хиймэл баг зүүсэн мэт амьдрах болж. Гунигласан үедээ хуурамчаар инээмсэглэж, хэдий жаргалтай байсан ч гуниглаж урвайж байдаг нь энгийн нэг үзэгдэл... Яагаад юуны учир ийм зүйл болдог вэ гэвэл өнөөдөр бидний амьдарч буй орчин өөрөө нэг л хийсвэр хуурамч юм шиг.

Wednesday, March 18, 2015

/ШҮЛЭГ/ ААВДАА

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа



Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ


Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ээжий минь
Айлын тавагнаас чихэр хармаалж шараа болгоно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнээ

Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаан өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэхийн юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг ээ

Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж Аав нар сумын үзель шиг хаа нэг дуугарна

Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээн аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөөн олтол цоо эрүүл болж жүжиглэдэг ээ

Ачийг тань хариулнаа би гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ

Гараан өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаан дэлгэж та тэднийгээн хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганганасан хэдэн зээтэйгээ хэдэнтээ хэлд орно

Гадаа навчис унаж он жил биднийг унасан навч шиг орхиж
Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг

Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвлөсөн
Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа

/ӨГҮҮЛЛЭГ/

Нэг залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компаний захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа
-Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу? 
-Үгүй.
-Аав чинь төлбөр төлдөг байсан уу?
-Үгүй. Аав минь намайг нэг настай байхад өөд болсон. Ээж л төлдөг байсан.
-Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ?
-Насаараа гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө олдог.
Захирал залуугийн булбарай зөөлөн цэвэрхэн гарыг хараад:
-Та ээждээ хааяа тусалдаг уу?
-Үгүй ээ. Ээж минь намайг сайн сур, хичээлдээ анхаар л гэдэг юм.
-За тэгвэл өнөөдөр хариад ээжийнхээ гарыг угааж өгөөд, маргааш ирээрэй... гэлээ. Залуу ч ажилд орох магадлал өндөр байна даа хэмээн баярлаж, орой ээжийгээ гарыг тань угааж өгье гэхэд гайхсан ээж нь санаа зовонгуй гараа өглөө.
Ээжийнхээ гарыг угааж зогсохдоо залуу анх удаа л ээжийнхээ гарыг ямар их үрчлээтэй, шарх сорвиор дүүрсэн болохыг анзааран нулимс унагалаа. Энэ л хоёр гар миний төлөө зүтгэж, энэ л хоёр гараар миний ирээдүй төлөгдсөндөө гэж бодохоос өр эмтрэн, залуу тэр өдөр үлдсэн бүх хувцсыг нь ээждээ угааж туслаад, шөнөжин нойр нь хулжсаар өглөө нь залуу захирал дээрээ очлоо.

/НИЙТЛЭЛ/ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД СЭТГЭ!!!

Нэр нь хэт сүрлэг бахдам догшин хайрхнуудын нэг болсон ноён уул нь нэгэн цагт битүү ой модтой, морьтой хүн давахад бэрх цаг өнгөрчээ. Өтгөн шуугисан ой модыг техникийг хүчээр хядаж зам тавьсанаас болж байгаль эх уйлан гасалж байна уу? Гэмээр төрх биднийг угтана . XXI-р зууны соёлт хүмүүн бид өвөг дээдсийнхээ ёс заншил уламжлалыг өвлөн авч үргэлжлүүлэн түгээх үүрэгтэй билээ. Гэвч бодит байдал дээр хэрэгжүүлж биелүүлж байгаа нь юу л бол. Энэ уламжлалд зүй ёсоор орох зүйл бол  бидний өвөг дээдэс тухайн газар нутагт эртнээс амьдарч байсан гэх, түүх соёлын үл хөдлөх архиеологийн үнэт дурсгал, олдворууд байдаг. Оросын алдарт эрдэмтэн Л.Н.Гумилёв “Түүх соёлоосоо тасарсан ард түмэн амархан мөхдөг. Байгаль орчноо мэдэхгүйгээр түүхээ бүрэн мэдэхгүй. Түүхээ бүрэн мэдэхгүйгээр байгаль орчинтойгоо зөв харьцаж чадахгүй” гэжээ.