Tuesday, July 21, 2015

/ЛГБТ/ өгүүлэл

Өнөөдрөөс олон жилийн өмнө нэгэн хүү төржээ. Түүний энгийн нэг амьдрал өдрөөс өдөрт түүнийг энэ амьдралаас үгүй болмоор мэдрэмжийг төрүүлнэ. Ангийхнаасаа бүрэг даруухан тэрээр хэнтэй ч үл нийлнэ. Охид биш хөвгүүд түүний сэтгэлийг хөдөлгөдөг байлаа. Түүнийг Билгүүн гэдэг. Тэр бол нийгэмд цөөн байх трансжендэр.
Хүний бэлгийн чиг баримжаа,хүйсийн чиг баримжаа түүний өөрийн сонголт билүү? Үгүй ээ энэ бол сонголт биш. Хүн бүр өөр өөрийн онцлогтой төрдөг. Жишээ нь нүүр царай, оюун санаа, бэлгийн чиг баримжаа бүгд өөр өөр бурхны бүтээл. Лесби,гэй, бисексуаль,трансжендэр зэрэг нь сэтгэхүйн болон өөр ямар нэг гажиг өвчин биш юм. Харин өнөө манай нийгэмд ийм байдалтай хүмүүсийг амьдрах боломжгүй болгодог зүйл бол хүмүүсийн буруу сэтгэмж, үүнийг үзэн ядагчид юм. Хорвоо ертөнц дээр хүн болж төрсөндөө ч гутармаар санагдуулдаг зүйл нь 21-р зууны соёлт гэгддэг монголчуудын мунхаглал, ялгаварлан гадуурхалт, үл ойлголт, үзэн ядалт.  


Нийгэмд маш олон аймшигт хэргүүд ар араасаа цуварсаар... Хүүхдээ хөнөөлөө, найз бүсгүйгээ аллаа, эцэг эхээ устгалаа гээд л ...  Ийм хэрэг хийсэн хүмүүсийг тэгж их тамлан зовоохгүй атлаа цөөнх тэднийг сэтгэл санаагаар юунд ингэж тарчлаана вэ? Тэд магадгүй хүн бүтээгчид шийтгэгдэгсэд байх. Гэхдээ тэд хэн нэгэнд гэм хор учруулсан бил үү? Тэд чамтай, тантай адил хүн. Өндөр хөгжилтэй орнууд тэднийг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг хамтдаа зэрэгцэн амьдардаг болоод удаж байна. Тэглээ гээд тухайн улс дордож доройтсон зүйл алга. Харин монголд бэлгийн гаж хөгжилтэй төрнө гэдэг нийгмийн гологдол байна гэсэн үг. Хүлээн зөвшөөрүүлж амьдарна гэдэг нь зөвхөн мөрөөдөл байх тул үргэлж л нэг торонд хоригдох мэт амьдрах юм.  Хүн өөрийнхөө эцэг эхийг сонгож чаддагүйтэй адил өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох болон өөрчлөх боломжгүй.
/ЛГБТ /
Лесби-эмэгтэй хүн ижил хүйстнээ сонирхдог.
Гэй- эрэгтэй хүн ижил хүйстнээ сонирхдог.
Бисекс- эр эм хүмүүсийг ал алийг нь сонирхдог.
Трансжендер-манин
Гэсэн үгнүүдийн эхний үсгийг авсан товч хэллэг юм . Бэлгийн цөөнх гэж нэрлэх боловч ЛГБТ гэх нь зохимжтой бас амархан. Одоогоор дэлхий нийтээр энэ хэллэгийг ашиглаж буй билээ.  
Бэлгийн чиг хандлагыг гетеросекс, гомосекс, бисекс гэх үндсэн гураваас гадна хэд хэд ангилдаг.
§ Гетеросекс гэдэг нь өөрөөсөө эсрэг хүйсийн хүнд татагддаг хүн.
§ Гомосекс гэдэг нь өөртэйгөө ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
§ Бисекс гэдэг нь өөрөөсөө эсрэг болон ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
§ Пансекс аль нэг хүйсэнд баригдалгүйгээр бүх хүйсийн хүмүүст татагддаг хүн.
§ Асекс бэлгийн дур хүслийг мэдэрдэггүй буюу бэлгийн чиг баримжаагүй хүн.
§ Нонсекс хэн нэгнээс бэлгийн харилцаа хүсэхгүй болон ордоггүй бэлгийн дур хүсэлгүй хүн.
Мөн үүнээс гадна гомосексийг Трансжендертэй холин ойлгодог тал байдаг ч, энэ хоёр нь хоорондоо ялгаатай  юм. Трансжендер гэдэг бол өөрийн байгалиас заяасан хүйстэй өөрийн сэтгэл санааны хүйс хоёр хоорондоо тааран зохицохгүй зөрчилдөхийг хэлдэг.

Гей болон лесби хүмүүсийг хүлээж авахдаа, эмэгтэй хүмүүсийн хувьд аль аль талыг нь амархан ойлгон хүлээн авдаг бол харин эрэгтэй хүмүүсийн хувьд их хүндээр хүлээж авах талтай гэдэг нь олон талын судалгаагаар нотлогдоод байгаа.Нэн ялангуяа эрэгтэй хүмүүс гей хүмүүсийг хүндээр хүлээж авахаас гадна буруу ойлголттой байх нь элбэг байдаг.

Ижил хүйстэнээ сонирхох нь өвчин мөн үү?

Хүн төрөлхтөн 19-р зууны сүүлчээс ижил хүйстэнийн бэлгийн чиг хандлагыг судалж эхэлсэн ба ихэнхи эртэмдэт гомосекс байна гэдэг бол өвчин гэж үзэж байсан.Түүгээр ч барахгүй сэтгэц мэдрэлийн эмгэг гэж үзэн эмчлэх гэж оролдож эхэлсэн.Харин 1970-д оноос Америкийн Сэтгэл Мэдрэлийн Нийгэмлэгээс ижил хүйстэнээ сонирхох нь өвчин биш гэдгийг нотолсон юм. Улмаар 1990 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага ижил хүйстэнээ сонирхох нь ямар нэг өвчин биш бөгөөд хүний бэлгийн чиг хандлагын нэг юм хэмээн Сэтгэц мэдрэлийн өвчиний жагсаалтаас хассан юм.
Харамсалтай нь Монгол улсын хувьд өнөөг хүртэл өвчиний ангилалаас хасаагүй байгаа.

Яагаад ижил хүйстэнээ сонирхдог болдог вэ?
Гомосекс гэдэг бол 100% төрөлхийн буюу олдмол болох нь нотлогдсон. Хэнд дурлаж, таалахаа хүн өөрөө сонгох боломжгүй, харин мэдэрдэг. Эрдэмтэн, судлаачид бэлгийн чиг хандлага эхийн хэвлийд байхад нь биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэсэн таамаглал дэвшүүлээд байна. Үүнд ураг бүрэлдэх үед эхийн хүнс тэжээл, сэтгэл санааны байдал, гадаад орчин, агаар, дуу чимээ гээд бүхий л зүйл нөлөөлдөг байх магадлалтай гэнэ. Хvн төрөлхтөний хөгжлийн бvхий л үе шатанд ан амьтан, хорхой шавьж ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй хэмээжээ.

Хүн өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох юм уу өөрчилж чадах уу?
Мэргэжилтнүүд үүнд дараах байдлаар хариулжээ.

“Хэдийгээр гей буюу лесби хvмvvс өөрсдийгөө өөрчлөхийг эрмэлзэн, хүч гаргаж байсан ч энэ чармайлт нь талаар өнгөрөх нь олонтаа байв. Хүмүүс ижил хүйстэнтэй хавьтахыг гаж зуршил буюу сэтгэцийн өвчин гэж үзэж, эмчлэхийг оролдож байсан ч энэ нь дэмий оролдлого байлаа. Учир нь энэ бол өвчин биш. Харин гомосекс хүмүүсийн хувьд бэлгийн амьдралынхаа зан үйлийг л өөрчлөх боломжтойгоос бус бэлгийн чиг хандлагыг өөрчлөх боломжгүй юм. Тэгэхээр гей юмуу лесби хvн эсрэг хvйсийнхээ хvнийг сонирхох гэж өөрийгөө хүчлэх нь дотоод мэдрэмжтэй зөрчилдөхөд хүргэж, ихэвчлэн сэтгэл зүйн гүн хямрал, жинхэнэ сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аж.“

Судалгаагаар ижил хүйстнээ сонирходог өсвөр насныхны дунд амиа хорлох явдал гурав дахин илvv тохиолддогийг тогтоожээ. Магадгvй бусад хvмvvс ойлгоогүйгээс, шоолж доромжлон, гадуурхсанаас, өөрийгөө гаж, хэвийн бус гэж бодсоноос гэх мэт нөлөөлсөн байж болох юм.

Үнэхээр цөөнх мөн үү

Хүн амд эзлэх хувь өнөөг хүртэл гомосекс болон нийт ЛГБТ хүмүүс нь бэлгийн цөөнх гэж ирсэн.Үнэхээр цөөнх мөн үү гэдэг бас эргэлзээтэй балоод байгаа. Ерөнхийдөө хүн амын 2-13%
эзэлдэг.Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд,2% гэж бодвол 60000 орчим,13% гэж бодвол 300000 орчим байх магадлалтай.Энэ бол бага тоо биш юм.Нөгөөтэйгүүр хэт цөөнх ч бас биш бөгөөд ихэнхи тохиолдолд нууцлагдмал далд амьдралд байдал нь цөөнх мэт санагдуулж буй нэг шалтгаан юм.
 Доор хэд хэдэн орны хийсэн судалгааны дүн

§  Англи улсад 1992 онд хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн 3.6%,эмэгтэлчүүдийн 1.7% нь гомосекс болон бисекс байдаг.Бисекс хүмүүсийг хасвал эрэгтэй 1%,эмэгтэйчүүдийн 0.5% гэж үзсэн  байна.
§  1995 онд Америк улсад хийсэн судалгаанд,эрэгтэй 6.2%,эмэгтэй 3.6% нь гомосекс байдаг гэсэн тооцоо гарчээ.

Дашрамд дурдахад Хятад улсад ойролцоогоор 100 саяас дээш гей хүмүүс байдаг гэсэн судалгаа байдаг.

Яагаад тэднийг ингэж их үзэн ядах болов.
Энэ бол мэдээж тэд бусдаас өөр төрснийг ойлгодоггүйд оршино. Тэд өөрсдийн хүслээр ийм байдалтай байгаа мэт хүлээн авна.
 Бас нэг зүйл Гомосекс хүмүүс ялангуяа гей хүмүүс бэлгийн замын халдварт өвчин болон ДОХ-ын халдварт эрсдэл өндөртэй бүлэгт хамрагддаг.Дэлхийн олон оронд тухайлбал БНХАУ,Япон,Америк болон Европийн орнууд гей хүмүүсийн тухайд тусгайлан анхааралд авч төрөөс хууль эрх зүйн орчнийг бүрдүүлэн энэ чиглэлийн сургалт,ажиллагааг Засгын Газраас нь дэмжин явуулдаг. Анх 1980-д оны дундуур гей хүмүүсийн дунд ДОХ/ХДХВ-н тархалт газар авч байсанаас болж Гейчүүдийн өвчин хэмээгдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байсан нь нийгэмд гей хүмүүсийн эсрэг болоод таагүй сэтгэгдэл мөн болгоомжлолыг үүсгэж байсан.Харин 1980-д оны сүүл үеэс өвчиний талаар судалгаа шинжилгээний ажил эрчимтэй явагдсаны үр дүнд байдал өөрчлөгдсөн.
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд ДОХ/ХДХВ-н шинжилгээг гетеросекс хүмүүсийн шинжилгээнд хамрагдах хувь бага бөгөөд бараг өгдөггүй гол төлөв гей хүмүүсийг шинжилгээнд хамааруулах болон өөрсдийн хүсэлтээр шинжилгээнд байнга хамрагддагтай холбоотойгоор зөвхөн гей хүмүүсээс халдвартай гэж илэрч,гетеросекс хүмүүс далд байдалд байсаар буйтай холбоотой..
Азийн орнуудын хувьд Тайландад 80% нь эсрэг хүйсийн халдвар эзэлж,Хятад улсад ч эсрэг хүйсийн халдвар талаас илүү хувьтай байдаг байна.Мөн Япон улс манай улстай адилхан ижил хүйстэн хүмүүс шинжилгээнд хамрагдах нь их байдагаас ХДХВ-н 2008 онд шинээр илэрсэн тохиолдлын 43.9% нь ижил хүйсийн,34.1% нь эсрэг хүйсийн халдвар байсан бол харин ДОХ-н шатанд шилжсэн үеийн харьцаа эсрэг хүйс 42%,ижил хүйс 28% болсон байна. Үүнээс үзэхад ДОХ/ХДХВ нь дан гомосекс хүмүүсийн өвчин биш гэдэг нь харагдаж байна.

Бусад улсад тэднийг ингэж хайрладаг, харин монгол
Анх 2001 онд Нидерланд Улсад Ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөнөөс хойш одоогын байдлаар дэлхийн нийт 40 гаруй оронд Ижил хүйсийн гэрлэлт болон хамтран амьдрагчаар бүртгүүлэхийг зөвшөөрсөн байна.Үүнээс гадна хэд хэдэн улсад хуулийн төсөл нь хэлэлцэгдэж байгаа болно.Эдгээр орны ихэнхи нь Европ,Америк тивийн орнууд бөгөөд Ази тивд одоохондоо зөвшөөрсөн улс нэг ч байхгүй.
Монгол Улсын хувьд ЛГБТ хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хуулийн заалт байхгүй. Түүгээр ч барахгүй 1992 онд баталсан ардчилсан шинэ үндсэн хуулиндаа ЛГБТ хүмүүсийн тухай болоод бэлгийн чиг баримжаанаас шалтгаалан ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт оруулаагүй нь Монгол Улсад ЛГБТ иргэд оршин тогтнодгыг хүлээн зөвшөөрөөгүйн нэг хэлбэрч байж болох юм.Угаас социализмийн үед хуучинаар БНМАУ-ын Засгийн Газар нийгэмд ёс суртахуунгүй байдалаар бэлгийн хүсэлээ хангах хэмээн Эрүүгийн хуулийн 113-р зүйл ангид оруулсан байсан ба ЗХУ буюу хуучинаар Орос болон хуучин социалист орнуудад ардчилал,өөрчлөн байгуулалттай хамт ижил заалтуудаа хасахад Монгол Улс бусдын жишигээр хассан билээ.
Ингээд хэлэлцэж үзвэл тэд үнэхээр монголын нийгэмд гологдол нь болж амьдарч байна.
Тэд эр үү? Эм үү?
Хэдэн жилийн өмнө “ДАЯАР МОНГОЛ” хөдөлгөөнийхан ажилааа их л сүрхий хийдэг байжээ. ЛГБТ байна гэдэг нь ял байж. Трансжендер Анужин блогтоо өөрсдийгөө хамгаалуулах ганц хоёр зүйл бичсэнийхээ хариуд  заналхийлэл хүртэж, тэр бүлгэмийн есөн залууд үхлүүт болтлоо зодуулж байжээ. Хэн нь араатан байна?

Өнөө цагын ухаант соёлт хүмүүн та одоо ухаарах цаг болсон. Таниас тэд амьдрал гуйсан уу? Мөнгө гуйсан уу? Тэд таны хайртай нэгнийг хөнөөсөн үү? Тэд улсаа зарахыг завдсан уу? Тэд хөрөнгийг чинь хулгайлсан уу? Алинд нь ч тийм гэх хариулт танд олдохгүй л болов уу. Учир нь тэд чамтай, тантай л адил хүн гэдгийг дахин хэлье. 
ЛГБТ хүмүүс биднийг хайрла хамгаал гэж тэмцэж, шаардаж, гуйхгүй, шаардлага ч байхгүй. Хүндэлж хайрлуулах гэж энэ бүгдийг бичсэнгүй. Зүгээр л ЛГБТ хүмүүстэй хүн шиг л харьц тэр чинь л аяндаа тэдний сэтгэлд хайрлал хүндлэл болох юм.
Үзэн ядалтыг дуусгавар болгох цаг болсон
Өөрөөр байдлыг хүлээн зөвшөөрөх цаг ирсэн
Хүн бүрийн төлөө илүү сайхан ертөнцийг бий болгох цаг болсон
Эрх чөлөөний тухай мөрөөдлийг бодит байдал болгох цаг ирсэн



No comments:

Post a Comment